Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 

Элэгний Ц вирусын халдвар - II

Б. Сэлэнгэ эмчийн зөвлөгөө цувралаар хүрч байна.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР ЯАЖ ДААМЖИРДАГ ВЭ?

2-р хэсэг

Элэгний Ц вирусийн халдварын хөгжил судлалын түүх байнга хувьсан өөрчлөгдөж байна. Элэгний Ц вирусийн халдвар авсан 100 хүний 75-85 –нь архаг халдварт шилжиж, тэднээс 60-70 нь цааш элэгний архаг өвчин болон даамжирч, 5-20 нь элэгний цирроз болж, 1-5 нь элэгний цирроз, хорт хавдраар нас барж байна. Элэгний Ц вирусийн халдвар авсны дараа зарим хүмүүс аядуу зөөлөн удаан явцтай, зарим нь яагаад хүндээр өвчлөж байгаагийн шалтгааныг тайлах гэж судлаачид эрж хайж байна.

Нэгэнт халдвар авсан үед архи дарс уух нь өвчлөлийг хүндрүүлэх нэгэн том шалтгаан болох тул бүр огт хэрэглэж болохгүй. Элэгний Ц вирусийн архаг халдвар нь элэгний анхдагч хорт хавдарт (hepatocellular carcinoma) шилжихдээ амархан байдаг. Иймээс зарим судлаачид элэгний Ц вирусийн халдвартай болон циррозтой хүмүүсийг 6 сар тутам хэвлийн хөндийг эхо-д шалгуулж, цусанд элэгний анхдагч хорт хавдрыг илрүүлэгч альфа-фетопротейн илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг.

ЯМАР ХҮМҮҮСТ НЭН ТҮРҮҮНД ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ ?

- Хамгийн түрүүнд эмчид хандан үндсэн зөвөлгөө, шалгуурыг хийлгэх хэрэгтэй.
- Ямар нэг шалтгаанаар тариа хийлгэж байсан болон одоо хийлгэж байгаа хүмүүс, мөн цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэж байсан хүмүүс
- Элэгний Ц вирустай эхээс төрсөн хүүхдүүд
- Элэгний шижилгээнд энзимийн өөрчлөлттэй (АСТ,АЛТ гэж манайхан нэршсэн) гарсан хүмүүс
- Гэвч дээрхи хүмүүсээс гадна хурц үзүүртэй зүйлээр хатгуулсан үед халдвар авсан байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдолуудад элэгний Ц вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ОНОШЛОХ ШИНЖИЛГЭЭНҮҮД

Анхны шалгуур шинжилгээ нь элэгний Ц вирусийн халдвартай эсэхээ мэдэхгүй хүмүүст зориулсан. Дээр өгүүлсэн нөхцөл байдалтай хүмүүс элэгний Ц вирусийн халдвартай эсэх, сэжиг тааврыг тайлахад хэрэгтэй шинжилгээ орно. Энэ шинжилгээнд ELISA (enzyme-linked immunosorbent assay ) сорил юм. Энэ шинжилгээгээр элэгний Ц вирусийн эсрэг-эсрэг биет үүссэн эсэхийг цусанд шалгаж шинжилдэг. Хэрэв энэ шинжилгээгээр эсрэг биет илрэхгүй бол халдвар аваагүй байна гэж үзэж болно. Гэвч саяхан авсан халдварын үед, биед энэ эсрэг биет үүсэж амжаагүй байдаг тул халдвар авсанаас хойш 6 сар дотор энэ шинжилгээ төдийлэн тустай биш. Эмч нар энэ шинжилгээг ихэнхидээ элэгний Ц вирусийн архаг халдварын үед халдвар авсанаас хойш 6 сараас дээш хугацааны дараа энэ шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг. Хэрэв ELISA тест эерэг гарвал үүнийг баталгаажуулахын тулд RIBA (recombinant immunoblot assay) сорилыг хийнэ. Энэ шинжилгээгээр халдвар авсан, аваагүй, мөн халдвар авсан нь тодорхойгүй хэмээн уншиж болдогоороо онцлог.

Дараагийн шинжилгээ нь элэгний Ц вирусийг молекулын төвшинд шинжлэн тоолох

Дээр бид элэгний Ц вирусийн генетикийн материал нь рибонуклейний (РНХ ) хүчлээс бүрддэг хэмээн дурдсан. Тэгвэл энэ РНХ-г буюу элэгний Ц вирусийн эсийг цусанд хэд байгааг тоолж буй хэрэг юм. ELISA сорил эерэг гарсны дараа энэ шинжилгээгээр баталгаатай болгоно. Маш их мэдрэг тул элэгний Ц вирусийн халдвар авсныг цөөн тоотой вирус байсан ч илрүүлж чаддагаараа онлог. Дөнгөж саяхан авсан халдварыг ч ( гурван долоо хоногийн дараа ) илрүүлж чадна. Ингэж вирусийн тоог тогтоох нь эмчилгээний явцыг хянахад бас чухал ач холбогдолтой.

ЯМАР ШИНЖИЛГЭЭГЭЭР ВИРУСИЙН ГЕНОТИПИЙГ ТОГТООХ ВЭ ?

Вирусийн генотипийг цусны шинжилгээгээр тогтооно. Энэ нь эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой.

ЭЛЭГНИЙ БИОПСИЙН ( ЭДИЙН) ШИНЖИЛГЭЭ ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Цусны шинжилгээ нь элэгийг зөвхөн гэмтэж өвчилсөн байна гэдгийг ерөнхийд нь тогтоохоос бус элэг ямар төвшинд гэмтэлтэйг харуулж чаддаггүй. Элэгний эдийн шижилгээ нь элэгнээс маш жижиг хэсгийг мэс ажилбарын тусламжтайгаар тасдан авч элэг хир зэрэг шархалж, соривжсоныг тогтоохын тулд хийдэг. Элэгний эдийн шижилгээг ихэнхдээ эмчилгээ эхлэхийн өмнө эсвэл эмчилгээний явцад хир үр дүн гарч байгааг хянах зорилгоор хийнэ.

ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ ?

Элэгний Ц вирусийн халдвартай хүн болгон эмчлүүлэх шаардлагагүй. Өвчтөний биед онцын зовиургүй элэгний Ц вирусийн тоо цөөн, элэгний энзимийн шинжилгээнд онцын өөрчлөлтгүй үед эмчилгээ хийхгүй. Харин эмчид 6 сар тутамд үзүүлж шалгуулж байх хэрэгтэй. Харин элэгний цирроз болох урьдчилсан нөхцөл бүхий хүмүүс эмчлүүлнэ. Үүнд:

- Элэгний Ц вирусийн халдвар зогсолтгүй хурдацтай нэмэгдэж байгаа хүмүүс.
-Элэгний энзимийн өөрчлөлт ( АЛТ) байнга илэрч, нэмэгдэж байгаа
- элэгний Ц вирусийн тоо өндөр хэмжээнд байгаа
- Элэгний эдийн шинжилгээнд элэгний фиброз (шархлаа-үрэвсэл) -ийн шинж илэрч байгаа
- Элэгний эдийн шинжилгээнд элэгний үрэвслийн шинж ихтэй элэгний эсүүд үхжиж гэмтсэн шинж илэрч байгаа үед эмчилгээ хийнэ.


Гэвч өвчтөн бас өөр шалтгаанаар эмчилгээ хийлгэж болно. Жишээ нь: ДОХ-ын халдвар, элэгний Ц вирус хавсарсан үед ДОХ-ын эсрэг эмчилгээ хийлгэх явцад элэгний үйл ажиллагааны доголдол илэрвэл өвчний эрт үед эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай болдог.
Гэвч урьд нь эмчлэгдэж байгаагүй өвчтөнд эмчилгээ эхлэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй . Жишээ нь: харшилтай, цусны даралт нь хэт өндөр байдаг, сэтгэл уналт ихтэй (депресс) хүмүүс г.м
Учир нь элэгний Ц вирусийн эсрэг эмчилгээ нь гаж нөлөө нилээд ихтэйгээс янз бүрийн хүндрэлүүд гардаг тул эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөний ар гэр болон өвчтөнд нөхцөл байдлыг сайтар ойлгуулж байж эмчилгээг эхлэх шаардлагатай.

Ялангуяа элэгний цирроз болж элэгний үйл ажиллагааны алдагдалд орсон үед эмчлэхэд төвөгтэй болох ба энэ үед элэгний вирусийн эсрэг эмчилгээ эхлэх нь үр дүн гарахад заримдаа эргэлзээтэй амь насанд ч аюул учруулж болох нөхцөл байдлыг үүсгэж болдог. Иймээс элэгний Ц вирусийн халдварын эмчилгээ хийлгэхийн өмнө урьдчилан гарч болох үр дүнг нухацтайгаар судласны дараа шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн элэгний бусад вирусийн, ДОХ-ын шинжилгээ давхар хийлгэж , хэрэв илрэхгүй бол элэгний А, В вирусийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Архи,тамхи хэрэглэхийг ч зогсоох хэрэгтэй.