Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 

Элэгний Ц (HCV) вирусын халдвар

Б. Сэлэнгэ эмчийн зөвлөгөө цувралаар хүрч байна.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

1-р хэсэг

Элэгний Ц вирус нь элэгний үрэвслийг үүсгэдэг нилээд хэдэн вирусуудын нэг юм. Элэгний Ц вирус нь Flaviviridae омгийн вирусийн гаралтай. Энэ омгийн бусад вирусууд нь шар чичиргээ, халуурах чичиргээ зэрэг шумуулаар дамжин хүнд халдварладаг аюултай өвчнүүдийг үүсгэдэг. Эдгээр вирусуудийн онцлог нь генетикийн материал нь рибонуклейний хүчлээс бүрддэг. Элэгний Ц вирусийн онцлог нь маш амархан мутацид орж хувиран өөрчлөгдөж байдаг. Дотроо 6 төрөл генотип байдаг. Жишээлбэл: АНУ-д генотип 1-р хэлбэр, Европд 2,3-р хэлбэрүүд, Африкт 5,6-р хэлбэрүүд зонхилон тохиолддог. Энэ генотип болгон нь дотроо бас ангиллагддаг. Генотип 1а ба генотип 1б гэх мэтээр. Ингэж генотипийн хэлбэрүүдийг тогтоох нь эмчилгээний шийдвэрийг гаргахад чухал ач холбогдолтой байдаг. Учир нь зарим элэгний Ц вирусийн генотипуудын эсрэг , эмчилгээний үр дүн бусад генотипээсээ сайн байдаг. Энэ мэт элэгний Ц вирусийн олон төрөл, хувьсамтгай өөрчлөмтгий байдал нь уг өвчинтэй тэмцэхэд, генотип болгоныг судлах шаардлага гарч, судлаачдад ихээхэн хүндрэл учруулдаг.

 

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР ЭЛГИЙГ ЯАЖ ГЭМТЭЭДЭГ ВЭ?

Элэгний Ц вирусийн халдвар авсны дараа хүний биед гарах үндсэн гол зүйл бол элгэнд үрэвсэл үүсгэн дархлааны системд нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам ихэвчлэн арван жилээс цааш, үүссэн элэгний үрэвсэл аажмаар сорвиждог. Их хэмжээний сорвижлыг элэгний хатуурал (манайхан цирроз гэдэг) хэмээн нэрлэдэг. Ингэж элэг хатуурсанаас элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, амь насанд аюултай байдал үүсэж болно. Хатуурсан элэг цаашид элэгний хорт хавдар луу шилжихдээ илүү амархан байдаг. Японд хийсэн хэсэгчилсэн судалгаагаар элэгний Ц вирусийн халдвар авагсдын 75 хувь нь элэгний хорт хавдарт шилжиж байсан байна. Элэгний Ц вирусийн халдвар авснаас хойш дунджаар 28 жилийн дараа, элэгний хатуурал үүссэнээс хойш ойролцоогоор 10 жилийн дараа элэгний хорт хавдарт шилждэг...... гээд энэ өвчний хор уршиг их юм.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР ХЭРХЭН ТАРХДАГ, ЭНЭ ТАРХАЛТААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Элэгний Ц вирусийн халдвар нь ихэнхдээ халдварлагдсан цусаар дамжин хүнд халдварладаг. Үүнд:
- Хууль бусаар хар тамхи хэрэглэгчид,эм тарианд донтогчид ( эмчийн зааваргүйгээр дур мэдэн өөртөө эм, дусал, тариа хийгчид ч үүнд хамрагдана)
- Элэгний Ц вирусийн халдвар авсан хүний цусаар халдварлагдсан зүү, багажинд санамсаргүйгээр хатгуулах ( бүх тохиолдлын 1,8%-ийг эзэлдэг.) 
- Цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг.

1992 оноос хойш бүх цусан бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр сайтар шалган, хүнд хэрэглэдэг болсонтой холбоотойгоор энэ замын халдвар эрс буурсан.

- Элэгний Ц вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих боломжтой. Өвчтэй эхээс төрсөн 4-6 хүүхэд дутмын нэг нь элэгний Ц вирусийн халдвартай төрдөг. 
- Маш бага хувиар бэлгийн замаар халдварладаг. Ховор. 1% хүртэл тохиолддог.
- Өвчтэй хүний хэрэглэж байсан хурц үзүүртэй багаж,материалыг бүрэн гүйцэд ариутгаж цэвэрлэлгүйгээр давтан хэрэглэхэд халдварладаг. 
Үүнд: Арьсны шивээс хийлгэх, маникур ба педикурын газар хөл, гарын хумсаа засуулах, чих цоолох үйлчилгээ хийлгэх зэрэг орно.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР АВАХААС ХАМГААЛАХ АРГА ЗАМУУД

- Хар тамхи болон эм,дусал, тарианд донтогчдод зориулсан тусгай программ бий болгож, хор холбогдлыг таниулан өөртөө тариа хийдэг явдлыг зогсооход чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохиох
- Эмнэлгийн ажилтнуудад санамсаргүйгээр багажинд гэмтэхээс сэргийлж техникийн аюулгүй байдлыг хангахад анхаарах
- Харамсалтай нь өвчтэй эхээс төрөх хүүхдийг хамгаалах арга одоогоор алга байна.
- Бэлгийн замаар халдварлахаас сэргийлж, тохиолдлын бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэж сурах
- Цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцын технологийн дүрэм журмыг чанд сахих
- Хүний хэрэглэсэн шүдний сойз, сахлын хусуурыг хэрэглэхгүй байх
- Багажийн ариутгалыг зохих норм хэмжээ, технологийн дагуу ариутгаж байгаа эсэхэд зохих ёсны байгуулагууд, хувь хүмүүс анхаарах

Үүнээс бусдаар гэр ахуйн хүрэлцэх замаар элэгний Ц вирус нь халдварладаггүй. Үүнд: гар барих, үнсэх, тэврэх зэрэгт элэгний Ц вирус бусдад халдахгүй. Иймээс элэгний Ц вирусийн халдвартай хүнийг тусгаарлах шаардлага байхгүй.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ГАРАХ ШИНЖ ТЭМДЭГ

Ихэнхи тохиолдолд нийт хүмүүсийн бараг 75% -д халдвар авсны дараа шинж тэмдэг илэрдэггүй. Үлдсэн 25%-д бага зэрэг ядрах, хоолны дур буурах, булчингаар өвдөх, халуурах, арьс шарлах, ханиад хүрсэн мэт шинжүүд гардаг. Арьс шарлалт, өвчний нилээд эрт шатанд гарна.

Элэгний Ц вирусийн халдвар цаг хугацаа өнгөрөх тутам архагт шилжин элэгний үрэвсэл Ц вируст тэсвэржин түүний эсрэг дархлааны хариу урвал үзүүлж байдаг. Цусны шинжилгээнд элэгний энзимийн төвшингийн өөрчлөлтөөр элэгний гэмтэл хир байгааг, яг аль хэсгийг илүү гэмтээж байгааг тогтоодог. Элэгний хатууралд шилжиж буй шинжүүд:
- Бие сулрах
- Хоолны дур буурах
- Жин буурч, турах
- Эрэгтэй хүний хөх томрох
- Алган дээр тууралтууд гарах
- Цусны бүлэгнэлт буурч, цус гоожимхой болох
- Арьсан дээр аалзны тор мэт судасны судлууд тодрох

Өвчтөнд элэгний хатуурал даамжрахын хирээр элэгний үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Үүнийг насан туршид эмчлэх шаардлагатай болдог. Элэгний үйл ажиллагаа доголдсоны улмаас бие организмыг хорт бодисуудаас шүүх ажиллагаа алдагдан хордож ухаан балартаж, ухаангүй байдалд (кома) орж хүндэрч ч болно. Элэгний судасны дотоод даралт ихэдсэний улмаас элэгний үүдэн вений судасны шүүрэлт үүсч хэвлийн хөндийд шингэн (асцит) хуримтлагдаж эхэлдэг. Цаашид бөөр, цусны эсүүдийн үйл ажиллагаанд нөлөөлснөөс бөөр өвчилж, цусны эсүүдийн хэвийн байдал алдагдан, дэлүү томорч, цус багадалт үүснэ. Биеийн эсэргүүцэл суларснаас элдэв халдваруудад амархан өртөмтгий болно. Цирроз улам даамжрахын хирээр цус бүлэгнүүлэгч хүчин зүйлүүдийн үйл ажиллагаа буурч цус гоожимхой болно. Цаашид цусны хуучин улаан эсийн гемоглобиноос үүсэж хэлбэрждэг билирубин хэмээх шар хольцыг саармагжуулах ажиллагаа алдагдсаны улмаас арьсны шарлалт үүсдэг.

ЭЛЭГНИЙ Ц ВИРУСИЙН ХАЛДВАР ХҮНИЙ БИЕД ЯМАР НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮҮСГЭДЭГ ВЭ?

Ихэнх үр дүн элэгтэй холбоотой гарна. Элэгний Ц вирус нь хүний биед нэвтрэн орсны дараа ер бусын онцгой эсрэг биет- криоглобулиныг ялгаруулж эхэлдэг. Энэ эсрэг биет артерийн судсыг гэмтээснэээс бөөр, үе мөч, арьс өвчилж үрэвсдэг. Энэ үед үе мөч өвдөх, хөл дээр ягаавтар өнгийн толбууд үүсэж хавагнах, хөл гарын хуруунуудын өнгө хүйтэн нөхцөлд цайж, ягаарч, улайх (Рейно шинж гэж нэрлэдэг) шинжүүд гарах нь криоглобулин ихсэж буйг харуулж буй юм.Гарах шинжүүд:

- Арьс хогжруутах

- Порфириний шинж (Цусанд төмөр ихдэх шинж)
- Сахарын шижин буюу диабет элэгний Ц вирусийн халдвартай хүмүүст гурав дахин илүү тохиолдоно.
- Криоглобулин үүссэнээс болж цусны эсүүдийн бүтэц гэмтэж, цусны эсийн тоо цөөрнө.
- Булчирхайн хорт хавдрыг үүсгэдэг В-лифома эстэй бас холбогддог.

Үргэлжлэл бий....