Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 13, Даваа гариг Бичсэн Admin

АМОКСИЦИЛЛИН

Амоксициллин нь өргөн хүрээт үйлдэлтэй пенициллин болох аминопенициллин бөгөөд хөнгөнөөс хүндэвтэр халдваруудын эмчилгээнд өргөн хэрэглэж буй антибиотикийн нэг болно.
Найрлага:
Капсул бүрд: Амоксициллин USP (амоксициллин тригидрат хэлбэрээр) 250мг/500мг агуулагдана.
Фармакодинамик:
Амоксициллин нь ампициллиний нэгэн адил түүнд мэдрэг нянгийн эсрэг идэвхитэй өсөлтийн үед нь бактерцид үйлдэл үзүүлдэг. Тэрээр эсийн ханын мукопептидийн био нийлэгжилтийг саатуулж үйлчилдэг байна. Амоксициллин “in vitro” болон эмнэл зүйн нөхцөлд дараах нянгийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг болох нь нотлогдсон болно.

Фармакокинетик:
Амоксициллин нь ходоодны хүчилд тэсвэртэй бөгөөд ууж хэрэглэсний дараа хурдан шимэгдэнэ. Тэрээр тархи нугасны шингэнээс(менин хальс үрэвссэн үед нэвтэрнэ) бусад биеийн ихэнх эд болон шингэнд амархан нэвтэрнэ. Амоксициллиний хагас элиминацийн хугацаа 61.3 минут. Амоксициллиний фармакокинетикт хоол нөлөөлөхгүй. Амоксициллинийг 250мг болон 500мг тунгаар ууж хэрэглэхэд 1-2 цагийн дотор сийвэнд хамгийн их түвшиндээ хүрдэг. Амоксициллиний дийлэнх хэсэг нь хувиралгүйгээр шээсээр ялгарах ба харин пробенецидтэй хамт хэрэглэвэл ялгаралт нь удааширдаг. Амоксициллин цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 25% орчим холбогдоно.
Хэрэглэх заалт:
Амоксициллинийг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн доор дурьдсан халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
1.Чих хамар хоолойн халдварууд: Стрептококкийн омгууд(зөвхөн альфа болон бета цус задлагч омог), Streptococcus pneumoniae, Staphylococcus-ийн омгууд болон H.influenzae зэрэг нянгаар үүсгэгдсэн,
2.Бэлгийн замын халдварууд: E.coli, P.mirabilis буюу E.faecalis-аар үүсгэгдсэн,
3.Арьс, арьсны бүтцэт эдийн халдварууд: Стрептококкийн омгууд(зөвхөн альфа болон бета цус задлагч омог), Staphylococcus-ийн омгууд болон E.coli-оор үүсгэгдсэн,
4.Амьсгалын доод замын халдварууд: Стрептококкийн омгууд(зөвхөн альфа болон бета цус задлагч омог), Streptococcus pneumoniae, H.influenzae зэрэг нянгаар үүсгэгдсэн,
5.Хүндрэлгүй цочмог заг хүйтэн өвчинд: Neisseria gonorrhoeae-оор үүсгэгдсэн(хошного-бэлгийн болон шээсний сүвийн халдвар),6.H.Pylori-ийн халдварт: Дээрх гэдэсний шархлааны өртөмжийг багасгана.
Цээрлэлт:
Пенициллинд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Эмийн гаж нөлөө:
Амоксициллин нь ерөнхийдөө зохимж сайтай. Мэдрэг өвчтөнд анафилакси төст харшлын урвалууд илэрч болзошгүй. Олонтаа тохиолддог бусад гаж нөлөө нь дотор муухайрах, бөөлжих, суулгах болон хуурамч бүрхүүлт колит үүсэх явдал болно. Хуурамч бүрхүүлт колитийн шинж антибиотик эмчилгээний явцад буюу эмчилгээний дараа ч илэрч болно.
Анхааруулга ба болгоомжлол:
1.Пенициллинд хэт мэдрэг, цефалоспорины бүлгийн эмийн эмчилгээний үед ноцтой урвал үүсч байсан өвчтөнд Амоксициллин эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөнөөс пенициллин, цефалоспорины бүлгийн эм болон бусад аллергенд урьд нь хэт мэдрэгшил илэрч байсан тухай сайтар асууж хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй.
2.Амоксициллин болон түүнтэй төстэй нянгийн эсрэг эмүүдийг хэрэглэх үед хуурамч бүрхүүлт колит хөнгөнөөс амь насанд аюултай хүнд хэлбэрээр илэрч байсан нь бүртгэгдсэн. Тиймээс суулгалт үүссэн өвчтөнд оношийг сайтар тодруулаад нянгийн эсрэг эмчилгээний асуудлыг шийдэх хэрэгтэй.
3.Эмчилгээний явцад мөөгөнцөрийн болон бусад эмгэгтөрөгчийн суперинфекци үүсч болохыг ямагт анхаарч байвал зохино. Хэрэв суперинфекци үүсвэл амоксициллин хэрэглэхээ зогсоож бусад шаардагдах эмчилгээ хийнэ.
Эмийн харилцан нөлөөлөл:
1.Пробенецид амоксициллиний бөөрний сувганцарын секрецийг бууруулна. Түүнийг амоксициллинтэй хамт хэрэглэвэл сийвэнгийн түвшин нь өндөрсөж сийвэд байх хугацаа нь уртасдаг.
2.Хлорамфеникол, эритромицин, сульфонамидууд болон тетрациклинүүд пенициллинүүдийн бактерцид нөлөөг саатуулдаг.
Тун ба хэрэглэх арга:
Амоксициллиний капсулыг хоолтой хамааралгүйгээр хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд:
Халдварын хүнд хөнгөн болон байрлалаас хамааруулан 250-500мг тунгаар 8-12 цагаар ууж хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд: Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд дутмагшил нь ноцтой хүнд биш бол уг эмийн тунг багасгах шаардлагагүй. Түүдгэнцэрийн фильтрацийн зэрэг 10-30мл/минут байгаа өвчтөнд халдварын хүнд хөнгөнөөс хамааруулан 500мг  буюу 250мг тунгаар 12 цагаар ууж хэрэглэнэ. Түүдгэнцэрийн фильтрацийн зэрэг 10мл/минутаас бага байгаа өвчтөнд халдварын хүнд хөнгөнөөс хамааруулан 500мг  буюу 250мг тунгаар 24 цагаар ууж хэрэглэнэ.
Хүүхдэд:
20-40мг/кг тунгаар 8 цагаар ууж хэрэглэнэ. Хүүхдэд жингээр нь тооцон хэрэглэхдээ насанд хүрэгсдийн дундаж тунгаас хэтрүүлж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед:
Жирэмсэн эхэд зохимжтой хэлбэрээр сайтар хяналттайгаар хийгдсэн судалгаа байхгүй. Уг эмийг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ.
Пенициллин хөхний сүүгээр ялгардаг. Амоксициллинийг хөхүүл үед хэрэглэхэд хөхүүл нярай уг эмэнд хэт мэдрэгшиж болзошгүй. Тиймээс хөхүүл эхэд амоксициллинийг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Савлалт:
10 капсулаар блистерт савлагдана.
Хадгалалт:
30°С-ээс доош хэмд хуурай газарт хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.