Бичсэн Admin

ХҮҮХЭД УЙЛАХ 12 ШАЛТГААН

Бага насны хүүхэд ярьж чадахгүй үедээ зөвхөн уйлж өөрийгөө илэрхийлдэг. Зарим үед аав, ээжүүд хүүхдээ яагаад уйлаад байгааг мэдэхгүй болох, тэрчлэн хүүхэд шалтгаангүй уйлж байгаа мэт санагддаг. Тэгвэл хүүхэд тань юу хэлэхийг хүсэж байгааг эцэг эхчүүд хэрхэн мэдэх вэ? Энд хүүхдийн уйлах 12 түгээмэл шалтгааныг дурьдлаа. Та хүүхдийнхээ хэлэх гэсэн зүйлийг ойлгож, танд тус болно гэж найдаж байна.

1. Өлсөх
Магадгүй энэ таны хүүхэд уйлж эхлэхэд хамгийн түрүүнд бодогддог зүйл байх. Та хүүхдийнхээ өлсөж эхлэх үед гаргадаг зан төрх, үйлдлийг мэддэг болсоноор түүнийг уйлахаас өмнө хооллож сурах болно. Зарим хүүхэд өлсөхөөрөө хэт хөдөлгөөнтэй болох, уруулаа долоох, эрүүнд нь хүрэхэд хэлээ гаргах, аманд нь хүрэхэд ангайж хэлээ гаргах зэрэг үйлдэл хийдэг байна.
2. Тохиромжгүй өлгийдөх
Эвгүй өлгийдөх эсвэл тохиромжгүй хувцаслахад хүүхэд уйлж болно. Ингэвэл та дахин шинээр өлгийдөх, хувцасыг нь засахад л болно.
3. Нойр нь хүрэх
Ихэнх хүүхэд нойр нь хүрэхээр уйлж эхэлдэг. Эвшээх, нүдээ нухах, нүд нь анилдах, хөдөлгөөн нь удаашрах зэрэг нь таны хүүхдийн нойр хүрж байгааг илтгэнэ.
4. Тэврүүлэхийг хүсэх
Хүүхдэд тэврэлт маш чухал. Тэд эцэг, эхийнхээ нүүрийг харах, дуу хоолойг нь сонсох, зүрхний цохилтыг нь сонсох, үнэрийг нь үнэрлэхийг хүсдэг. Уйлж эхлэх нь тэд тэврүүлэхийг хүсэж байгаа бас нэгэн илэрхийлэл.
5. Ходоод гэдэсний зовиурууд /хий, базлах г.м/
Ходоод гэдэсний зовиурууд болох хий, базлах зэрэг нь хүүхдийн уйлах бас нэгэн шалтгаан болдог. Судалгаанаас үзэхэд өдөрт 3-аас доошгүй цаг уйлах, 7 хоногын 3-с доошгүй өдөр уйлах, сарын 3 долоо хоногт нь уйлах нь ходоод гэдэсний зовиураас болдог байна. Таны хүүхэд хооллосны дараа уйлж эхэлвэл магадгүй ходоод гэдэсний зовиур байж болно. Энэ үед гэдэсний хий болон, базлалтын эсрэг хүүхдэд зориулсан бэлдмэлүүдийг эмчээс зөвөлгөө аван хэрэглэх хэрэгтэй.
6. Гулгихыг хүсэх
Гулгих нь зайлшгүй шаардлагатай зүйл биш юм. Гэхдээ таны хүүхэд хөхөө хөхсөний дараа уйлагнаад байвал гулгих хэрэгтэй гэсэн үг. Хөхөө хөхөх үед эсвэл угжаа хөхөх үедээ залгисан агаар нь түүнд тавгүй байгаагаас гулгиж болно.  
7. Хэт халуун эсвэл хэт хүйтэн байх
Хүүхдийнхээ хувцасыг солих, өлгийг нь солих, эсвэл цэвэрлэх үедээ хүйтэн зүйлээр арчих, нимгэн хувцаслах зэрэгт таны хүүхэд даарч уйлж болно. Нярай хүүхдийг дулаан өлгийдөх, хувцаслах хэрэгтэй ч бас хэт халуун байх нь тавгүй учраас тохируулан дулаалах нь зүйтэй.  
8. Ямар нэг жижиг зүйл садаа болох
Зарим хүүхэд маш бага зүйл ч арьсанд нь хүрэхэд мэдрэг байдаг. Хувцасны нугалаа, оёдол, шошго, багахан жижиг зүйлс биед нь хүрч нухахад тэд уйлж болно. Бас хөл, гарын хурууг нь үс ороож цусыг нь боосноос болж уйлдаг. Үүнийг нь анзаараагүйгээс эцэг эхчүүд хүүхдээ шалтгаангүйгээр уйлж байна гэж бодох тохиолдол бий.
9. Шүд ургах
Шүд ургаж эхлэх үед хүүхдийн буйл загатнах, өвдөх шинжүүд гардаг. Зарим хүүхдүүд үүнд маш мэдрэг байдгаас уйланхай болдог. Хэрэв таны хүүхэд шалтгаангүйгээр уйлаад байвал түүний буйлыг хурууныхаа өндөгөөр тэмтрээд үзээрэй. Хатуу зүйл тэмтрэгдэж байвал таны хүүхдийн шүд ургаж байна гэсэн үг юм.
10. Тайван байхыг хүсэх
Хүүхэд өөрийн эргэн тойрон, түүнийг хүрээлж буй зүйлсээс байнга суралцаж байдаг. Гэвч зарим үед эдгээр бүх зүйлийг ойлгох тэдэнд маш хэцүү. Жишээ нь хурц гэрэл, дуу чимээ, гараас гарт дамжин тэврүүлэх нь тэднийг ядраадаг.  Хүүхэд уйлах нь “ Одоо хангалттай” гэсэн үг юм. Ихэнхи нярай хүүхэд өлгийдүүлэх дуртай байдаг. Хэрэв таны хүүхэд өлгийдөхөд хэтэрхий том эсвэл өлгийдүүлэх дургүй бол өлгийдөхгүй байх эсвэл түр хугацаанд азнаж байгаад өлгийдөх хэрэгтэй.
11. Илүү идэвхитэй байхыг хүсэх
Зарим хүүхэд хөдөлгөөнтэй байж орчноо харах сонирхолтой байдаг. Уйлах нь тэд илүү идэвхитэй байхыг хүсэж буйгийнх юм. Хүүхдээ тэвэрч, үүрч явах хэрэгтэй. Бусад эцэг эхчүүдтэй цуг салхилж, сайхан газруудад дагуулан явж , хүүхдийн тоглоомын төвүүдэд тоглуулах, хүүхдэд зориулсан бусад газраар авч явж байх хэрэгтэй.
12. Өвдөх
Хэрэв та хүүхдийнхээ бүх зүйлийг шалгаж үзээд хэвийн хэдий ч хүүхэд тань уйлсан хэвээр байвал тэр өвдсөн байж магадгүй юм. Хамгийн түрүүнд түүний халууныг хэмжиж үзээд өвдсөн байж болзошгүй хэсгүүдийг шалгаж үзэх хэрэгтэй. Хүүхдийн тань уйлах хэвийнээс өөр сонсогдож байвал эмчид үзүүлэх, түргэн дуудаж үзүүлэх хэрэгтэй юм.