Бичсэн Admin

ГУТЛАА ХЭРХЭН ТОХИРУУЛАН СОНГОХ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор эмэгтэйчүүдийн 20 хувь, эрэгтэйчүүдийн 15 хувь тохироогүй гутлаас үүдсэн хөлний өвчнөөр шаналж байна гэжээ. Тэгвэл бид хэрхэн эрүүл мэндэд тустай гутлыг сонгон өмсөх вэ?
Өндөр өсгийт: 5,5 см-ээс өндөр өсгийт дээр хоёр цагаас илүү явах тун хортой хэмээн мэргэжилтнүүд шинжжээ.

Яагаад гэвэл удаан явахад нурууны үе гажиж мурийдаг төдийгүй аарцаг яс болон нуруу гажиж тахийдаг гэмтэй. Бас хөлийн уланд эвэр ургаж хатангаршиж удаандаа ажиллагаагүй болдог гэнэ.

Ихэнх эмэгтэйчүүд өндөр өсгийтөд дурладаг. Харин тэд өсгийтэй гутал сонгон авахдаа дараах алдааг ихэвчлэн гаргадаг байна. Үүнд:
Хөлийн хэмжээнд тохироогүй гутал
Хөлд тохирсон хэмжээтэй гутал сонгон авахад зөвхөн хөлийн уртын хэмжээ бус өргөний хэмжээ чухал байдаг . Хэрэв гутал тань танд холхигнож байвал удаан хугацаагаар өмсөхөд таагүй мэдрэмж төрүүлэн, байнга тавхайн булчин чангарсанаар өвдөлт бий болгодог байна. Мөн бидэнд тулгардаг хачирхалтай нэг зүйл бол бидний хөлний хэмжээ өөрчлөгдөх юм. Нас ахих үед гормоны өөрчлөлт гарах болон жин нэмэх, хасах үед хөлний холбоос сунах зэргээс энэ хэмжээ өөрчлөгддөг тул шинэ гутал авах бүртээ хөлдөө тохирсон хэмжээг сонгох хэрэгтэй.
Хэт өндөр өсгий сонгох
Та өөрийн хөлөнд эвтэйхэн, алхахад хялбар гутлыг сонгон аваарай. Хэт өндөр, алхахад эвгүй гутал авсанаар хөлийн холбоосуудад ихээхэн ачаалал өгөхийн зэрэгцээ гоо сайхны хувьд ч таагүй байх болно. Мөн хөлийг тань холгохгүй материал, хийцтэй гутал хамгаас чухал юм.
Хөл хэт ил гарсан гутал
Таны өмсөж буй гутал өндөр өсгийтэй бөгөөд хөлний тань ихэнх хэсгийг ил гаргасан бол алхах үед хөлийн өсгий аль ч талруу хазайж гишгэгдэх магадлалтай байдаг. Мөн гадаад орчноос хөлийг хамгаалахгүй учир илүү гэмтэх болон арьсанд таагүй нөлөөлөл үзүүлэх магадлал ихэсдэг.
Хөлийн хуруунд эвгүй гутал сонгох
Хөлийн хурууг бүрэн далдлахгүй эсвэл хөлийн хуруунуудыг хэт барьсан, дарсан, нухсан гутал бүү сонгоорой. Удаан хугацаагаар ийм гутал өмсөхөд хөлийн хуруунд эвэр ургах, өвдөлт үүсэх зэрэг таагүй нөлөөлөл бий болдог.
Намхан өсгийт: Өсгийгүй пүүз, шаахай байнга өмсөхөд хөлийн нумны уян хатан чанар алдагдаж хавтгай тавхайтай болдог аж.
Шөвгөр хоншоорт: Ясны гэмтэл согог заслын мэс засалч эмч нарын судалгаагаар шөвгөр хоншоортой гутал өмсдөг эмэгтэйчүүдийн хөлийн эрхий болон чигчий хуруунд булцуу үүсэж шаналгаж эхэлдэг. Улмаар эрхий, чигчий хуруу нь гадагш эргэж тавхай хавтгайран хөндлөн болж бороолдог гэнэ.
Тэгвэл гутал тань ямар байвал сайн бэ?
Өсгий : Өргөн тогтвор сайтай 4 см-ээс намхан бол хамгийн сайн. Мэдээж таны хөлийн хэмжээнд тохирсон алхахад эвтэйхэн байх хэрэгтэй.
Гутлын хамар: Хөлийн бүх хуруунд чөлөөтэй байхаар дөрвөлжин эсвэл бөөрөнхий хоншоортой байвал сайн.
Зуузай нь өсгий, шагай дарж нухахгүй яг таарсан байх хэрэгтэй.
Гутлын ул: Хөлийн нуманд тохирсон нумтай байх нь чухал байна.