Бичсэн Admin

АЖЛЫН БАЙРНЫ ЁС ЗҮЙ, АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮС

Манай улсад янз бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг олон компани, группүүд үүсч, залуусын маань мэргэжил, ур чадвар маш хурдацтай хөгжиж байгаа нь бидний нүдэнд илхэн билээ. Гэхдээ ажлын байранд биеэ авч явах тал дээр дутагдалтай тал их ажиглагддаг.

Үүнээсээ болж өөрийгөө хөгжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, карьераа өсгөх гэх мэт боломжуудаа алддаг.Дэлхийн эдийн засгийн форумын ”УЛС ОРНУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС-2012”-т нийт 144 орон жагссанаас манай улс 93-р байранд орсон нь үндэсний ажиллах хүчний ёс зүй сул байгаатай холбоотой. Барууны орнуудад ажлын байрны ёс зүйн талаар төлөвшсөн ойлголт, зарчмууд маш их байдаг бөгөөд ажил хэрэгч хүмүүс нь энэхүү үүргээ дээд зэргээр мөрдөж биелүүлдэг.

Ажлын байрны ёс зүйд:

Үүрэгт ажилдаа хандах хандлага: Энэ нь тухайн албан тушаалтан өөрийнхөө ажилд чин сэтгэлээсээ бүтээлчээр хандах, ажилдаа дур сонирхолтой байхаас эхэлж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, дотоод журмын бүх заалтыг биелүүлэх, ажлын цагийг бүхэлд нь албан үүргээ биелүүлэхэд зориулах ёстой.

Харилцааны ёс зүй:Дэд удирдлага, ажилтан, үйлчлүүлэгч нараа хүндэтгэх, зөв мэндлэх, баярлаж талархсан сэтгэлээ зөв илэрхийлэх, хамт олонтойгоо эелдэг зөөлөн харилцааг үүсгэх,зарчимч, хөдөлмөрч, дайчин шаргуу байх, харилцах орчноо мэдрэх, харилцагч нартаа байнга амжилт хүсэх, бүдүүлэг үг хэллэг, хар яриаг цээрлэх, товч тодорхой, эмх цэгцтэй ярих чадвартай байх...

Хувь хүний ёс зүй:Бусдыг архидалт тамхидалтанд уриалах, хэрүүл маргаан дэгдээх, ажлаас хоцрох, таслах, нийгмийн идэвхигүй байх, албан тушаалаа урвуулан ашиглах, авилгалд автах, хулгай хийх, худал ярих, бусдын эрх ашгийг хөсөрдүүлэх...зэргээс бүрэн татгалзах.

Өөрийгөө хөгжүүлэх: Мэргэжил, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, шинийг эрэлхийлж,эрэл хайгуул хийж,өөрийгөө болон багын гишүүн нэг бүрийг сурч хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах.

Өсөн дэвжих:Өнөөдрийн таны хашиж буй албан тушаал насан туршийн ажил тань биш гэдгийг санаж яваарай. Таны карьер өсөх эсэх нь танай байгууллагын болон удирдлагын тань үүрэг биш зөвхөн таны хичээл зүтгэл юм шүү.