Бичсэн Admin

ЧИХНИЙ ХУЛХИ
Хэвийн нөхцөлд чихний хулхи бага хэмжээгээр ялгарч, чихний сувгийг хамгаалан, аяндаа байгалийн жамаар задарч байдаг. Гэхдээ хэт ихээр ялгарвал бөөгнөрч хатууран хуурайшиж, чихний сувгийг таглана. Чихийг цэвэрлэхийн тулд даавуун тампон хэрэглэвэл хулхийг нягтруулж, чихний бөглөрөлд нэрмээс болох талтай.


Хулхи бөөгнөснөөр сонсгол муудаж, тавгүйтэн, толгой дүйрсэн мэт санагддаг. Түүнчлэн загатнаж, жингэнэх, эсвэл толгой эргэж магадгүй. Хулхины бөөгнөрөл ахмад насны хүмүүс, сонсголын төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст илүү түгээмэл тохиолддог.
Та өөрөө юу хийж болох вэ?
Бэрхшээл учруулж байгаа нөхцөлд та чихний хулхийг зөөлрүүлэх зорилгоор Оливийн тос, Алмондын тос, эсвэл Содтай дусаалга зэргийг хэрэглэнэ.
Хэрэв энэ арга үр дүнгүй байвал хулхи уусгах үйлчилгээтэй чихний дусаалга хэрэглэж болно.
Хулхийг цэвэрлэхдээ даавуун тампон огт хэрэглэж болохгүй. Мөн хулхи цэвэрлэхийн тулд чих рүүгээ ямар нэгэн зүйл түлхэж оруулж болохгүй. Ингэх нь чихний суваг руу гадны биет оруулах осолтойн зэрэгцээ та өөрийн чихний сувгийг гэмтээх, үрэвсэл үүсгэх, халдвар оруулах, заримдаа бүр чихний хэнгэргээ хүртэл гэмтээх осолтой байдаг.
Хэрэв:
Өөртөө туслах эмчилгээний аргуудыг хэрэглэсний дараа ч чих тань бөглөрсөн хэвээр байгаа мэт санагдвал мөн өвдөж, эсвэл идээ гарч эхэлбэл эмчид заавал үзүүлээрэй.
Практик зөвлөмж:
Чихний хулхийг зөөлрүүлэх арга: Та Оливийн тос, Алмондын тос, Содын дусаалгыг эмийн сангаас худалдан авч зориулалтын дусаагуураар дусаана. 2 чих хоёулаа бөглөрсөн тохиолдолд нэг чихийг онгойлгосны дараа нөгөө чихээ эмчлэх хэрэгтэй. Учир нь хулхи зөөлрөх үед бөглөрөлт нэг хэсэгтээ бүр ихэсч болно.
Оливийн эсвэл Алмондын тосыг тасалгааны хэмд бүлээсгэн хэрэглэнэ. Харин Содын бикарбонатын  дусаалгыг шууд хэрэглэж болдог.
Бөглөрсөн чихээ дээш харуулан хэвтээд, чихний суваг руу 3-4 дуслыг дусаа. Шингэтэл нь 10 минут хүлээгээд, дараа нь илүүдэл гарсан хэсгийг арчиж цэвэрлэнэ.
Ингэж 5 өдрийн турш өдөрт 3 удаа дусаана.
Эмийн эмчилгээ:
Чихний эмчилгээний дусаалгуудыг хулхи зөөлрүүлэхийн тулд хэрэглэдэг. Гэхдээ эдгээр дусаалга нь устөрөгчийн давхар исэл зэрэг уусгагчдыг агуулдаг учир заримдаа чихний сувгийг цочроох талтай. Иймээс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.