Бичсэн Admin

АМНЫ ЭВГҮЙ ҮНЭР - BAD BREATH
Анагаах ухаанд “Халитозис” хэмээн нэрлэдэг, амьсгалын эвгүй үнэр нь голдуу амны ариун цэвэр муу байгаагаас хамаардаг. Аман дотор болон шүдний завсар үлдсэн хүнсний жижиг хэсгүүд бактеруудын үйлчлэлээр задарч, тааламжгүй үнэр үүсгэх шалтгаан болдог. Сармис, шар айраг зэрэг зарим хүнс, ундаа таны амьсгалыг таагүй үнэртэй болгоно.

Ам хуурай байх үед, унтаад сэрэхэд амны таагүй үнэр үүсэх илүү хандлагатай. Байж болох бусад шалтгаанууд нь хамрын хөндийн болон хоолойн халдвар, чихрийн шижин, уушгины өвчин, жин хасах, зориулалтын хүнс зэрэг юм.
Та өөрөө юу хийх боломжтой вэ?
Дараах энгийн аргууд нь амны эвгүй үнэрийг арилгахад тусална. Эдгээр аргыг та өдөр тутам хийж хэвшвэл эвгүй үнэрээс салахад тусална.
Орондоо орохын өмнө болон өглөө босоод шүдээ сойздон угааж бай. Энэ үедээ хэлээ бас цэвэрлэх хэрэгтэй. Зөөлөн үстэй сойз, флорид агуулсан шүдний оо хэрэглээрэй. Угаасны дараа амаа заавал зайлж хэвшээрэй.
Шүдний өнгөрийг арилгахын тулд өдөрт нэг удаа цэвэрлэж бай.
Хэрэв та хиймэл шүдтэй бол шөнө унтахын өмнө авч эмчийн зөвлөснөөр бүхэлд нь цэвэрлэж бай. Мөн шүдний гажиг засалч ортодантист мэргэжилтнээс зөвлөгөө авч, гарган авч болдог, бэхлэгддэг шүдний хэрэгслүүдээ цэвэрлэж байх хэрэгтэй.
Шөнийн хугацаанд таны аман дотор үүссэн байж болзошгүй бактерийг угааж цэвэрлэхэд тусалдаг, шүлсний ялгаралтыг сайжруулах хүнсийг өглөөний цайндаа хэрэглэж бай. Жимс ногоо шүлсийг өдөөдөг учир өдөр тутмын хүнсэндээ хангалттай хэмжээгээр хэрэглэвэл ашигтай.
Ажил сургууль дээрээ хэрэглэж байхын тулд шүдний сойзоо авч яв. Хэрэв өдрийн турш шүдээ угааж цэвэрлэх боломжгүй бол, сахар агуулаагүй, шүлсний ялгарал өдөөдөг бохь зажил.
Ам зайлагч, амьсгал цэвэршүүлэгчид нь зөвхөн косметикийн үр нөлөөтэй боловч түр хугацаагаар хэрэглэх боломжтой.
Халуун ногоотой, хурц үнэртэй хоолноос зайлсхий. Заавал идэх шаардлага гарвал идсэний дараа жимсээр даруулаарай.
Өдөр бүр наад зах нь 6-8 аяга ус ууж бай. Согтууруулах бодис, цай, кофе нь биеийн шингэнийг хорогдуулах нөлөөтэй учир амны эвгүй үнэрийг өдөөгч болдог.
Амны эвгүй үнэр үүсгэх гол шалтгаан нь тамхи учир бүү тат!!!
Эмийн эмчилгээ:
Ам зайлагчид нь голдуу амьсгал цэвэршүүлэх ментол зэрэг үнэртэн бодисуудыг агуулдаг. Түүнчлэн шүд, буйлны өвчнөөс хамгаалах флоридыг зарим зайлагчид агуулдаг. Амархан залгих эрсдэлтэй учир хүүхдэд ам зайлагч хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй.
Амьсгал цэвэршүүлэгчид:
Шүршигч болон хэлэн дээр уусдаг жижиг шахмал хэлбэртэй, амьсгал цэвэршүүлэгчид эвгүй үнэрийг түр хугацаанд үр дүнтэй намдааж чаддаг. Тэдгээр нь амьсгалыг таатай үнэртэй болгож чаддаг ч 20 орчим минутын хугацаанд л үйлчилнэ.
Хэрэв:
Дээрхи аргуудыг 7 хоног орчим хэрэглэсний дараа:
Таагүй үнэр арилахгүй байвал
Таны шүд бас өвдөж, эсвэл буйл үрэвсэж, цус гарвал
Бие ерөнхийдөө тавгүйтэж, энэ нь амны эвгүй үнэрт нэрмээс болж байна гэж бодогдож байгаа бол эмчид үзүүлж, эмнэлэгийн тусламж аваарай.