Бичсэн Admin

ХҮҮХДИЙН ШҮДИЙГ АРЧЛАХУЙ
Бид та бүхэнд хүүхдийн шүдийг арчлах талаар цуврал зөвлөгөөг өгч байна. Эцэг эхчүүддээ  хүүхдийнхээ шүдийг хэзээнээс,  хэрхэн , яаж цэвэрлэх талаар  зөвлөх болно. Энэ удаад бид дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхдийн шүдийг хэзээнээс эхлэн цэвэрлэж эхлэх вэ?


Хүүхдийн тань шүд ургаж эхлэнгүүт өдөрт 2 удаа цэвэрлэх нь зүйтэй. Хүүхдийнхээ шүдийг эртнээс цэвэрлэж заншвал хүүхэд тань өөрөө хялбархан сурч цаашид шүдээ хамгаалах юм. Хүүхдийн доод үүдэн шүд анхлан 6 сар орчимтойд нь ургадаг. Ой хагастайгаас нь 2 ой хүртэлх хугацаанд хүүхэд нийтдээ 20 сүүн шүдтэй болсон байдаг. Энэ нь их урт хугацаа мэт санагдаж магадгүй ч та хүүхдээ 7 нас хүртэл нь шүдийг нь өөрөө угааж өгч байх хэрэгтэй, түүнээс цааш тэр өөрөө угааж чадах болно.
Ямар шүдний сойз худалдаж авах хэрэгтэй вэ?
Эхлээд та зөөлөн самбай даавуугаар цэвэрлэж бай. Хурууныхаа өндгийг тойруулан ороогоод ооноос бага зэргийг түрхээд хүүхдийнхээ шүдийг зөөлөн үрж угаана. Хэрэв та сойзоор угаахыг илүүд үзэж байгаа бол жижиг хэмжээтэй, үс нь хамгийн зөөлөн, өөр өөр урттай, гөлгөр төгсгөлтэй, мохоо толгойтой сойзыг сонгоорой. Энэ нь хүүхдийн бүх шүдэнд хүрч эвтэйхэн цэвэрлэх болно. Гаднах сав баглаан дээрээс нь хэдэн настай хүүхдэд зориулсан болохыг нь харж сонгодог. 3 сар тутамд мөн сойзны үс нь арзагар болсон бол сойзыг солино.
Ямар төрлийн шүдний оог сонгож хэрэглүүлэх вэ?
Фтортой оо нь хүүхдийн шүдийг гэмтэхээс сэргийлдэг. Гэхдээ их хэмжээтэй байх нь сөрөг нөлөөтэй. Хүүхдийн шүдний оог сонгохдоо савлагаан дээрээс фторын агууламжийг нь харж сонгох хэрэгтэй.
3-с доош насны хүүхдэд  1000 ppm буюу 0.1%-н фторын агууламжтай оог сонгоно.
3-с дээш настай хүүхдэд 1350 ppm - с 1500 ppm буюу 0.13% - 0.15%-н фторын агууламжтай оог сонгож хэрэглэнэ. Харин түүнээс их хэмжээний фтортой оог залгисан тохиолдолд шүдэнд гэмтэл учруулаад зогсохгүй бөөлжих, суулгаж болзошгүй тул хэрэглүүлэхгүй байхыг зөвлөе.
Та амтгүй, эсвэл жимсний үнэр , амттай оог илүүд үзэж болох ч таны хүүхэд үүнийг иддэг зүйл биш гэдгийг мэддэг байх ёстой. Хэрэв та хүүхдээ оогоо залгихыг болиулж чадахгүй бол фторын агууламжыг нь 550 ppm буюу 0.05%-н агууламжтай оог хэрэглүүлээрэй.
Хүүхдийнхээ шүдийг хэрхэн цэвэрлэх вэ?
Хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа цэвэрлэж заншуулах хэрэгтэй. Өглөөд нэг удаа цэвэрлэх нь шүдний өнгө үзэмжийг хадгалахад тустай. Харин орой унтахын өмнө заавал угаалгана.  
Сойзон дээр нь багахан оо түрхээд, энэ нь нийт сойзны үсний гуравны нэгээс багахан хэсгийг бүрхэж байхад болно. Жижигхэн, хөнгөхөн, эргүүлэх хөдөлгөөнөөр шүдний бүх талыг үрж угаах ба шүд болон буйлны ирмэг хэсгийг маш болгоомжтойгоор угаана.  Харин таны хүүхдийн шүд ургаж байгаа үед буйл их эмзэг болсон байдаг тул хүчтэй угааж огт болохгүй. Дууссаныхаа дараа хүүхэд чинь бүх оогоо амнаасаа гаргасан эсэхийг шалгах бөгөөд аман дотор нь ус байгаа үед толгойг нь өргөж харж болохгүй. Ингэснээс таны хүүхэд шүдээ угаасны дараа шүдний ооны нөлөө үгүй болсоныг шалгаж байгаа юм.
Та хүүхдээ өвдөг дээрээ суулгаад өөрлүүгээ харуулж суулгах нь шүдийг угаахад илүү хялбар болгоно. Энэ байрлал нь хөлд орж буй хүүхдэд тань сайн таарна.
Хэрэв таны хүүхэд танаар шүдээ угаалгах дургүй байвал түүнд шүдний сойзыг нь өгч өөрөөр нь угаалга. Ингэснээр тэр өөрөө шүдээ угаах дуртай болох ба хэсэг хугацааны дараа та цэвэрлэж өгч болно.
Хэрэв боломжтой бол та хүүхэддээ шүдээ угааж байгаагаа олон харуулахыг хичээ. Энэ нь түүнд шүдээ угаах хүсэл төрүүлэх болно.