Бичсэн Admin

БҮСГҮЙ ХҮН ХАЛДАШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ...

"НУГАН" ХХК-ий захирал хатагтай Г.Оюунцэцэгийн эмэгтэйчүүд.мн сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Эрхий мэргэн” брэнд гэж уншигч та сонссон уу? Бүсгүй таны хөл холгоход танд юу хэрэгтэй болдог вэ? Мэдээж хурууны наалт. Тэгвэл тэр наалт нь амархан салдаг, хөлөргөдөг, хөлийг тань хөхдөг байсан уу? Тэр цаг ард хоцорсон байна.


Тэр бүү  хэл таны шархыг эмчилдэг, наалтан дор эдгэрэлт явагддаг сорвижилт үүсгэдэггүй, харшил өгдөггүй, усанд ороод гарч ирсэн ч яг л хэвээрээ байх тийм наалт манай зах зээлд нэвтэрчээ. Баярлууштай нь тэр бол Монгол брэнд юм. “Эрхий мэргэн” брэнд-ийг “Нуган” ХХК нэвтрүүлж чадлаа. Тэгвэл тус компанийн захирал  Г. Оюунцэцэг Монголчууддаа соёлтой хэрэглээг түгээж амжилттай яваа бизнес хатагтай. Түүний амжилтын үндэс амьдралын ухаантай  танилцацгаая бүсгүйчүүдээ!

“Эрхий мэргэн” брэнд болон “Нуган” компанийн талаар манай уншигчдад танилцуулна уу.

1990 оны үе бол Монголчуудын хувьд их сонирхолтой цаг үе байсан шүү. Юу болоод байгаа юм, яаж амьдрах юм, амьдралын ямар баталгаа байгаа юм...бүү мэд. Гэхдээ энэ  хүнд үеийг ганзагачид аварсан гэдэгтэй миний үеийнхэн санал нийлэх байхаа. Энэ л цаг үед миний өмнө ч сонголт ирсэн, эмчээ хийх үү, эмийн чиглэлээр ажиллах уу.. гэж. Ингээд л сонголтоо хийсэн дээ. Манай компани 1996 онд байгуулагдсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн  импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 
Манай зах зээлд "Анхан шатны тусламжийн бүтээгдэхүүн" болох чанарын шаардлага хангасан хурууны болон бусад төрлийн наалт  дутагдалтай байгаа энэ орон зайг мэдэрч, Евро стандарт болон ДЭМБ-ын шаардлагыг хангасан Эрхий мэргэн брэнд бүтээгдэхүүнийг Монголчуудынхаа хэрэгцээнд нийлүүлж байгаадаа манай хамт олон баяртай байдаг.
Бид “Эрхий мэргэн” брэндийг Монгол улсын оюуны өмчөөр баталгаажуулан GS1-86 -тай баркод авсан. Шинээр дөрөв дэх цуврал болох технологи хэрэглээний хурууны наалт "Цэнхэр" худалдаанд гарч байгааг эрхэм уншигчиддаа дуулгахад таатай байна.

Иргэдийн дунд чанаргүй эм бэлдмэл их орж ирдэг гэж яриа байдаг шүү дээ!
Хувь хүмүүс эм зөөж оруулж ирэх боломжгүй гэж итгэдэг шүү. Харин шинэ эмийн бүртгэл өндөр шалгууртай байдаг, тэгээд ч бүхэл бүтэн лаборатори мөн бүртгэлийн комисс гээд мэргэжлийн баг   ажиллаж байна шүү дээ. Иймээс албан ёсны зөвшөөрөлтэй компаниас импортолж буй эм бэлдмэлүүд баталгаатай .
Үнэтэй эм чанартай гэдэг ойлголт манайханд түгээмэл байдаг. Боломжийн үнэтэй хэрнээ, чанартай эм Монголд зөндөө байдаг гэдгийг хэлэхийг хүсч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид ЭМ бол:

  • Олдоцтой байх
  • Гажуу нөлөө бага байх
  • Эмийн үйлчилгээ сайн байх
  • Эм боломжийн үнэтэй байх гээд заагаад өгсөн байдаг.

Чанаргүй эм байна, эмийн сан олон байна гэхчилэн шүүмжлэл их явдаг л даа. Би энийг өөр өнцгөөс нь хардаг. Харин ч эмийн сан олон байгаад, эмийн нэр төрөл олон байгаад талархах ёстой. Иргэн та сонголтоо хийхдээ мэддэг мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваад, өөртөө зүгээр болноо, эдгэрнээ гэж урам өгөөд, эм хүртэх горимыг зөв сахих юм бол эдгэрэх л болно.

Эм ханган нийлүүлэх байгууллагад төрийн оролцоо, зохицуулалт, дэмжлэг хэр их байдаг вэ?
Төрөөс хуулиа л тааламжтай байлгах хэрэгтэй. НӨТ-ийн татвараа багасгавал,үнэнд таатай байх боломж бүрдэх байх. Бид харин “Эм холбоо” –гоороо дамжуулан, өргөн барих хуулийн заалтад тодорхой  санал оруулах боломжтой байдаг. Хуулийн орчин нь шударга, өрсөлдөөнийг дэмжсэн, аль нэг талд давуу эрх олгосон монополь нөхцөл үүсгэхгүй байгаасай гэж хүсдэг.

Дэлхий нийтээр бүхий л удирдлагын түвшинд эрчүүд манлайлдаг. Тэгвэл таны хувьд тухайлсан нэг байгууллагын захирал. Эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсийн удирдах ухааны ялгаа, давуу тал нь юу байдаг юм бол?Энэ их ажлын хажуугааар, сайн ээж, сайн эхнэр, сайн гэрийн эзэгтэйн үүргээ орхигдуулах үе байсан уу?
Манай компани гэр бүлийн компани.  Нөхөр маань  уужуухан, алсаа харсан хүн бий. Монгол эр хүний нийтлэг зан чанар тиймэрхүү байдаг шүү дээ. Би бол жижиг ч гэсэн юманд их ач холбогдол өгдөг. Эмэгтэй хүн арай няхуур, арай илүү мэдрэмжтэй, ажигламтгай байдаг. Харин эрэгтэй хүн ерөнхий даацаар нь хардаг. Ямар ч гэр бүлд хүүхдүүд эцэг, эхээ харж, дуурайж төлөвшдөг. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй бол эргээд өөрсдөө хүмүүжигддэг. Миний хувьд хүүхдүүдтэйгээ тулж ажиллах тал дээр цаг бага зарцуулдаг, тэрэндээ өөртөө шүүмжлэлтэй ханддаг.

Сайхан амьдралд сайн хүний үүрэг их байдаг. Хань сонголтын талаар таны үзэл бодол? Таны хувьд ханьтайгаа хамтран бизнес эрхлээд, үр хүүхдүүдийн эцэг эх болоод маш сайхан гэр бүлийг цогцлоогоод явж байна. Харин өнөөгийн нийгмийн хамгийн хүнд асуудлын нэг бол энэ амьдралын ханиа сонгох цаашилбал гэр бүл салалт байгаа шүү дээ?
Энэ маш чухал асуудал. Амьдралын хань гэдэг бол таны хувь заяаны талыг шийддэг.Та амьдралынхаа 50%-ийг, харин үлдсэн хагасыг хань тань шийддэг. Гэр бүлийн хүнээ сонгоно гэдэг бол мэргэжил сонгохоос илүү. Хүний ээж аав бол маш мэдрэмжтэй байдаг. “Энэ миний хүүхдийн хань мөн үү, биш үү” гэдгийг хараад л мэдэрдэг. Хүнд өгөгдөл гэж байдаг. Өөртөө ивээл болон харш жил, мэнгэний зохицол зэргийг бас хараад мэдчих ёстой. Бүсгүй  хүн халдашгүй байх ёстой, үнэ цэнэтэй байх ёстой, эрхэм байх ёстой. Охидууд хямдхан байж болохгүй. Хямдхан, амархан харагдаж болохгүй. Тийм байхын тулд охидууд маань жинхэнээсээ мөн чанар нь бодит байх ёстой. Хүмүүжил зөв, сэтгэлгээ нь зөв, яриа нь зөв, ажил амьдралын хэв маяг зөв. Тийм охидуудад аяндаа залуус татагдана даа. Байгалаасаа хүний мөн чанар нь зөв юм руу татагддаг шүү дээ. Царайлаг мөртлөө тэнэг байх юм бол сонин биш, хоёр өгүүлбэр солиод л мэдэгдчихнэ. Харин дотооддоо бодолтой, няхуур, нууцлаг хүмүүс чинь их анхаарал татдаг.Эмэгтэй хүн засдаг, залруулдаг, байгалаасаа тийм өгөгдөлтэй шүү дээ. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээд, болохгүй байгаа зүйлээ засаад залруулаад л явбал аз жаргал хажууд чинь л байж байдаг.
Би нөхөртэйгээ ханилаад 25 жил болж байна. Одоог хүртэл би нөхрөө таниагүй л явж байгаа. Одоо ч гэсэн миний нөхөр надад эрхэм, үнэ цэнэтэй. Одоо ч гэсэн нөхөр маань надад сонирхолтой санагддаг. Хэзээ ч болчихлоо гэсэн хязгаар байж болохгүй.

Та залуудаа ямар бүсгүй байв? Юу бодож мөрөөддөг байв? Тэр төсөөлөл тань одоохтой дөхөж очсон болов уу?
Зах зээл эхлээд завсрын үе байсан. Сонирхолтой ч, сонголт хийх ёстой хатуу үе байсан. Тэр үед би ажиллах ёстой л гэж бодож байсан. Хагас сайн бүтэн сайнд амардаг байгаагүй. Би хэзээ ч үүндээ гомдоллож байгаагүй. Миний хийх ёстой үүрэг л гэж бодож байсан, одоо ч тэгж боддог.  Би мөн хэзээ ч том байшинтай, компанитай, их мөнгөтэй амьдрах тухай бодож байгаагүй ээ. Одоо ч тийм болчихоогүй л байна. Тэгээд ч энэ нь миний мөрөөдөл биш, би өөрийнхөө ажлыг маш сайн хийх ёстой, тэгж чадвал үр ашиг нь миний эргэн тойрныхонд шууд болон дам байдлаараа  олон хүнд хүрэх юм байна гэдгийг улам л ойлгох боллоо. Иймээс илүү хичээж ажиллана даа.

Хамт олныг хэрхэн удирдаж байна?
Эрүүл мэндийн компани болохоор хүүхнүүд голдуу ажилладаг. Хамт олон эерэг байх ёстой, бие биенээ ойлгож, дэмждэг байх ёстой, бүтээлч байх ёстой гэдэг дээр маш их ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл хүн ажилдаа ирэх хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. "Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл" гэж үг байдаг.  Ер нь хамт олныг бүрдүүлэх тал дээр илүү анхаардаг даа. Чадварлаг, сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан хамт олон юуг ч хийх боломжтой. 

Амжилттай байхын  гол нууц юу вэ?
Ямар ч ажлыг зүрх сэтгэлээсээ хийх ёстой. Заавал олон юманд сайн байх гээд хэрэггүй. Өөрийнхөө хийж чадах ажлыг л бүрэн гүйцэд, чанартай хийдэг байх хэрэгтэй. Хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авдаг, аз жаргалтай байх. Сайхан амармаар бол амарсан шиг амар, ажиллавал ажилласан шиг ажилла, нэг нэгнийээ тусалж дэмж! Өнгөрсөн цаг хугацаа бидэнд дахин олдохгүй, иймд яг өнөөдрөөрөө амьдар. Тэгвэл өнгөрсөндөө харамсахгүй. Ирээдүйдээ илүү итгэлтэй болно. Өнөөдрийг л битгий алд гэж хэлнэ дээ.
Мөн хамгийн чухал зүйл өөрийгөө хайрла, өөрийгөө хүндэл, өөрийгөө үнэл! Өөрийгөө үнэлдэггүй, хайрладаггүй, мэдэрдэггүй, ойлгодоггүй байж юун бусдыг хайрлах, бусдаар хүндлүүлэх. Тийм зүйл байдаггүй. Гэхдээ хэт туйлширч өөрийгөө шүтэх хэрэггүй.

Зах зээлд бүтээгдэхүүнээ өргөн бариад удаагүй байна. Хэрэглэгчдийн хандлага ямар байна?
Эрхий мэргэнийг нэг хэрэглэсэн хүн дахиж өөр наалт хэрэглэхгүй. Манай улаан фэн болдог./инээв/  Итгэл төгс байгаа маань чанараа мэдэж байгаатай холбоотой. Хэрэглэгчид маань “Эрхий мэргэн” гэдэг чанартай наалтыг мэдсэн учраас өөртөө хямдхан богино настай наалт хэрэглэхийг зөвшөөрдөггүй.

Таны ярилцлагыг уншин буй хэрэглэгчид буюу сайтын маань үнэнч уншигч бүсгүйчүүдэд юуг зөвлөх вэ?

  • Энгийн хэрэглээгээ чанартай байлгаарай! Энгийн хэрэглээ чанартай байх тусам таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илэрхийлж байдаг. Яг хэрэгцээтэй болохоороо хайж сандарч гүйдэг биш “Эрхий мэргэн” наалтаа байнгын туслагчаа болгоорой.
  • Эмэгтэй хүн гэдэг бол байгалийн бэлэг юм. Түүнийгээ мэдрээсэй. Эмэгтэй хүн их тэвчээртэй хэрнээ байгалиасаа их уян. Ялангуяа манай Монгол бүсгүйчүүд их ажилч хөдөлмөрч, тэвчээртэй, мэдрэмжтэй. Цаг тутам өөрийгөө өнгөлж байгаарай, бид ганцхан цаг хугацаанд л дийлддэг учраас, хором бүрийн үнэ цэнийг ойлгоосой.
  • Гаднаас битгий хөшүүрэг хайж байгаарай, бүх зүйл өөрийн дотор чинь байж байдаг юм шүү. Эмэгтэй хүн болгонд гайхамшиг байдаг. Өөрийнхөө гайхамшигийг эртнээс олоорой гэж захиж хэлмээр байна.

Нүдээрээ инээсэн, өөрөөсөө гэрэл цацруулсан энэхүү бүсгүйтэй ярилцахад таатай байлаа. Намуухан, даруухан яриатай, цаанаа л нэг ихийг бодож төлөвлөсөн Г. Оюунцэцэг захирал болон түүний хамтрагчид МОНГОЛ  БРЭНД  -ийн цаана асар их хөдөлмөрлөсөөр байна. Чин сэтгэл, хөлс хүч шингэсэн ЭРХИЙ МЭРГЭН  наалтын талаар хүн бүр мэдээсэй бас мэдрээсэй! Ухаалаг хатагтайн сонголт төдийгүй гэр бүлдээ барих бэлэг тэр байх болно. Хайртай хүмүүсээ гарахад нь халаасанд нь “Эрхий мэргэн” хийхээ бүү мартаарай!

Таны авдаг 5 ширхэг 50 төгрөгний наалт “Эрхийн мэргэн” брэндийн нэг наалтын чанарт хүрэхгүй гэдгийг бүү мартаарай.

Монголчуудаа Монгол брэндээ дэмжицгээе!

Ярилцсан Э.Гэрэлмаа